2011-03-31
Эцэг эх бол хүүхдийн анхны багш
     Эцэг эхчүүд хүүхдийг хувь хүнийх нь хувьд багаас нь эхлэн бие бялдар, ёс суртахуун ба оюун ухааныг нь хөгжүүлэх төлөвшүүлэх анхны суурийг тавих үүрэгтэй. Тэр ч утгаараа эцэг эхчүүд хүүхдийнхээ анхны багш нь байдаг.

Гэр бүл ба хүүхдийн цэцэрлэг бол ирээдүйн иргэнийг бий болгох нийгмийн хоёр чухал сургууль. Гэвч бие биеэ ойлгох, сонсох, тэсвэр хатуужлыг давах, хоорондоо харилцах, харилцан ойлголцох талаар цаг хугацаа хүрэлцдэггүй. Харилцан бие биеэ ойлгохгүйгээс болж дунд нь хүүхэд хохирч байдаг байна. Эцэг эх хүүхдэд минь өнөөдөр ямар хоол өгсөн бол гэдгийг л сонирхдог, цэцэрлэг бидний ажил хийх үед хүүхдийн минь зөвхөн харж саатуулдаг л гэж ойлгодог. Иймд багш нарт дээрх шалтгаанаас болж эцэг эхтэй харьцахад маш их саад учирдаг.

Хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхэд ойлгуулахад багш нарт маш хүнд байдаг. Хүүхдийг зөвхөн хооллож ундлаад, гоё сайхан хувцас өмсгөөд, онц сурлагатан байлгахдаа бус хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, тэдний бодол санаа, мөрөөдлийг сонсож, тэдний сэтгэж бодож байгааг дэмжиж байх талаар багш нар эцэг эхэд зөвлөгөө өгөхөд хүлээн авах дургүй байдаг. “Бид завгүй, цаг зав байхгүй”, “Бид өглөө гараад л орой ирдэг, хэдийд нь хүүхэдтэй ажиллах вэ ?”, “Та нар л хүүхдийг сургаж хүмүүжүүлэх үүрэгтэй шүү дээ” гэж хариулна. Яг үнэндээ эцэг эхчүүд багш нараас их зүйл шаарддаг хэрнээ, өөрсдөө зөвхөн амьдрах хэрэгцээг нь хангадаг болохоос хүүхдээ хүн болох талаас нь үл тоомсорлодог гэхэд болно.

Үүнийг яаж өөрчлөх вэ? Эцэг эхийг хүүхэд рүү яаж анхаардаг болгох вэ ? Эцэг эхтэй хамтран ажиллах талаар яаж сонирхлыг татах вэ?

Юуны өмнө эцэг эхийн амьдралыг судлах, тэдэнтэй илэн далангүй ярилцах , гэр орноор нь очих, гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн хоорондын харьцаа, хүүхэд эцэг эхийн харьцаа, хүүхэд хүүхдийн хоорондын харьцаа, хүүхдийг хөгжих орчин гэрт нь байгаа эсэхийг судалж дүгнэлт гаргах нь чухал байдаг.

Эцэг эхийг судлахад тэд гурван бүлэгт хуваагддаг.

Манлайлагч эцэг эх. Тэд хүүхдийн цэцэрлэгийг сонирхдог, цэцэрлэгт хамгийн бэрхшээлтэй ямар асуудал байдгийг мэддэг, байнга цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож тусалдаг.

Гүйцэтгэгч эцэг эх. Тэд ямар нэгэн болзол харж цэцэрлэгийн ажилд оролцоно.

Шүүмжлэлтэй ажиглагч эцэг эх. Тэд хүүхдийнхээ боловсролд анхаарч зарим хүмүүжил сургалтын үйл ажиллагаанд сууж өөрийн хүүхэд хэр зэрэг оролцож байгааг ажиглах, ямар нэгэн асуудал гарахад цэцэрлэгээс гадна мэргэжлийн хүнд хандаж шийдвэр гаргах, цэцэрлэг дээр болж байгаа үйл явдалд шүүмжлэлтэйгээр оролцоно. “Миний үед биднийг ингэж л сургаж хүмүүжүүлж байсан юм” гэж хайнга хандах зэргээр оролцдог эцэг эх байдаг.

Эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэрлэн дуурайх сайн багш нь байж чадаж гэмээнэ хүүхэд тань жинхэнэ хүн болох нь дамжиггүй. Иймд эцэг эхчүүд ээ, өөрөөсөө эхэлье!


Бичсэн: lucky | цаг: 13:29 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax